ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ

Л. Алтанцэцэг

ЭДИЙН ЗАСАГ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

Иргэд байгууллагуудын хооронд өмч хөрөнгийн маргаан, эдийн засгийн эрхийн зөрчил үүсэх хэрээр эрүү, иргэн, захиргааны хэрэг дээр эдийн засгийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргах хэрэгцээ нэмэгдэж байна. Учир нь хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нарт эдийн засгийн харилцааг мэргэжлийн хүрээнд ойлгож, эрх зүйн зөрчлийн эдийн засгийн хор холбогдлыг тодорхойлох нь амаргүй ажил болж хувирдаг.

Үүнийг шийдэх хамгийн энгийн арга бол мэргэжлийн мэдлэг, ур чадвар бүхий байгууллага хүмүүсээр асуудлын бодит үнэлэмж, дүгнэлтийг гаргуулах юм. Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л. Галбаатарын 2018 онд нийтэлсэн “Иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь: Асуудал, арга зам” нийтлэлд “Иргэний хэргийн шүүхээр хэлэлцэж буй 33 хэрэг тутмын 1 нь буюу нийт иргэний хэргийн 3.1 хувьд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулж байна” гэж дурдагджээ.
 
Шүүх хуралдаан хойшилж буй байдал /2015-2017/
Шүүхийн төрөл Шүүх хуралдаанд хэлэлцүүлэхээр товлосон хэргийн тоо Хойшилсон тоо
 
Шинжээч томилуулах үндэслэлээр хойшилсон
Иргэний хэргийн шүүх 135726 53340 1569
Дүүргийн иргэний хэргийн шүүх 87101 42457 1203
Захиргааны хэргийн шүүх 18860 13827 103

Иргэний хэргийн оролцогчид ихэвчлэн хөрөнгийн маргаан, зээлийн төлөлт, ажлын гүйцэтгэл, хувь хүн хоорондын гэрээний маргаан дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байдаг.


ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЭРХЭН ГАРГУУЛАХ ВЭ?

Иргэний болон эрүүгийн хэргийн холбогдогчид нь шинжилгээ хийлгэх шинжээч томилуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүсэлт гаргана. Гэхдээ шинжилгээг зөвхөн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд томилсон тохиолдолд л хийнэ. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэдэг нь мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх болон хуульд заасан эрх бүхий албан тушаалтан юм. 

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллага нь тухайн хэрэг дээр эдийн засгийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн аудитын байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулдаг байна.
 

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

2009 онд батлагдсан “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, 2017 онд батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-иудад аудитын компаниуд шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тухай хуульчилсан байдаг.
Шинжээчээр томилогдсон аудитор нь шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлт гаргахдаа Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/141 тушаалаар батлагдсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам”-ыг баримтална.

Эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргахаар томилогдсон аудитор нь тухайн хэргийн оролцогчтой харилцан хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байж, хөндлөнгийн байр сууринаас хандах хэрэгтэй. Эрүү, Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зөрчил илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ.

Тухайлбал, Баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа; эд хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв бодитой тодорхойлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн; анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа; баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон бол шинжилдэг.

Эдийн засгийн шинжилгээ хийхэд хамаарах зүйлс:
  • Шинжилгээний объект болох хэрэгт холбогдолтой баримтуудыг зөвхөн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээр дамжуулан хүлээн авах.
  • Шинжилгээ хийхдээ бие даан баримт бүрдүүлэхгүй байх.
  • Шинжилгээг зөвхөн ирүүлсэн баримтын хүрээнд хийх, шаардлагатай гэвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс нэмэлт баримт шаардах.
  • Шинжилгээгээр үйлдэл тогтоохгүй зөвхөн холбогдох баримтын дагуу дүгнэлт гаргах. Жишээлбэл: Зарим аудитын байгууллагууд нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа “000 төгрөгийг ашигласан, завшсан байна” гэж үйлдэл тогтоодог. Гэтэл энэ нь баримтаар тогтоогдож байгаа зөрчил эсвэл дутагдал болохоос тэр мөнгийг яг ашигласан уу, эсвэл завшсан уу гэдгийг мэргэжлийн хүн тогтоох ёстой.
  • Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамжийн дагуу дурдагдсан асуултад хариулна.
  • Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрвэл дүгнэлтдээ заавал энэ тухай тусгах.
  • Хэргийн оролцогчдоос тайлбар авах, уулзах шаардлагатай бол заавал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах.